Monday, September 16, 2013

"Домогт Ану Хатан" романы уншаад төрсөн сэтгэгдэл


....Ану Хатны талаар багадаа түүхийн хичээл дээрээсээ л Ойрадын зүүн гарын хаан Галдан бошигтын хатан гэгэхээс өөр төсөөлөлгүй одоог хүртэл явсан миний толгойд гэнэт энэ их сүр дуулинтай Ану хатны талаархи мэдэх гэсэн эрмэлзлэл,мөн  Ойрад, баруун түмэн гэхээр өөрийн эрхгүй нутаг усны маань түүх холбоотой болохоор  номыг уншиж үзэх сонирхол нэлээдгүй төрсөн юм. 
Цалингаа буунгуут ажлаа тараад ойролцоох номын дэлгүүр ороод шууд л авлаа. Гэртээ очоод дэлгэн эхний хуудсыг уншиж үзвэл төсөөлж байснаас ойлгоход хэцүү эсвэл урьд нь Сарантуяагийн "Сорхугтани хатан" роман шиг эхлэл хэсэгтээ сонирхол өдөөсөн содон зүйл байсангүйд жаахан урам хугарав. Гэвч цааш нь гүйлгэн уншихад Ану хатны бага нас болон тэр үетэй холбогдох зураглалыг гаргаж өгсөн нь цааш унших сэдэлийг төрүүлсэн юм..Галдан бошигтыг хутагт хувилгаан байснаа хар хүн болсон төдийгүй Ану хатан, Галдан 2-ын хайрын холбоог урьд нь уншихаасаа өмнө төсөөлөхдөө хайр сэтгэлээрээ бус хааны хатан болохдоо эцэг эхийн ятгалаг, хааны зарлигаар суугаад тэр үеийн эмэгтэй хүний хувь тавилангйин эрхээр Галданд сэтгэлээ өгж, үр хүүхдийн төрүүлж өсгөн цаашид амиа хааныхаа төлөө өгсөн баатарлаг хатан гэдгээс өөр мэдэхгүй байтал зохиолд бага насандаа Галдантай учирсан төдийгүй 2-лаа нэг нэгэндээ сэтгэлтэй Галдангийн ах болох Сэнгэ ханд хатан болхоор сүй хадаг тависан байтал аз болж Сэнгэ ах нь хүнд хорлогдож Галдан хувилгаан дүрээ орхиж ахынхаа орыг залган  хайртай Анугаа хатан болгон авдаг хэсэг гардаг.Энэ хэсэг үнэхээр сэтгэл хөдөлгөж байсан шүү. Мөн уншиж байхад манай баруун аймгийн зан заншил, яриа хэл нь хүртэл танил зарим нь их сонин санагдсан.
Ану хатны эх Доржравдан хатанг нэлээн зальтай, өөртэй овсгоотой гоо сайхандаа нэлээн анхаардаг төдийгүй бусад хатадаасаа илүү Очирт цэцэн ханы таалалд хүрсэн хатан мөн бага хатан Нируныг хөл хүнд байхад нь емдүүжин өгж зулбуйлсан гэх мэтчилэн ер нь тэр үеийн хататуудын доторхи тэмцэлийг гаргасан төдийгүй зохиолч Анугийн ээжийг муу талаар гаргасан мэт санагдаж байсан ч уран зохиолын нэмэлт байсан уу үнэхээр зальхиа хатан байснуу мэдэхгүй юм.
Анугийн эцгийн хувьд Очирт цэцэн хан тэр үеийн Ойрадын чуулганыг даргалж байсан Галдангийн эцэг Баатар ханы найз, дотны зөвлөгч хүн төдийгүй Ану аавынхаа нэлээн нас явж байхад төрсөн болоод ч тэр үү охин Анудаа ихэд хайртай төдийгүй ном заалгаж, жад сэлэм, морь унаанд хүртэл гарамгай болоход  их нөлөөлсөн.
Харин Анугийн шивэгчин Мандарваа их хөөрхөн дүр. Бага наснаасаа Гүнжийн дагуул болоод  өнгөтэй өөдтэй зүйл идэж ууж, өмсөх зүүхээс дутагдалгүй өссөж Булгантай ураг барилдаад  төгсгөл хэсэгтээ үхэж байгаа нь л нэлээн  харамсалтай.
Романд Ану багадаа ном сурахдаа багшаараа Монголын хатдын талаархи домог, туулсыг яриулдаг хэсэг байдаг тэр хэсэг нь бол надад бол хэрэг болсон. Монголын хатадыг бүгдийг багтаагүй ч тэднийг уншаад түүхэнд хатад төрийн хэргийг шийдэхэд хэрхэн хувь нэмэр оруулсан талаар бусадтайн харьцуулахад хялбар байсан. 
Мөн тэр хуримын ёслол үнэхээр сүржин санагдсан одоо бол манай баруун аймагт "Гэрийн бүрлэгэ" гэх ёс одооч байдаг ч зарим нэг ёс нь үнэхээр сүржин одоо үед хуримлахдаа баримтлахгүй байгаа нь аз гэж бодсоноо нуух юун.
Галданг нэлээн царайллаг сайхан залуу мэтээр гардаг нь түүхийн сурвалжид тэмдэглэгдэн үдлсэн юм болов уу эсвэл зохиолын чимэг байсан боловуу гэж эргэлзэх юм. Эсвэл өөрийн төсөөлөлдөө эхлээд Галданг Ойрадыг нэгтгэн хан болоод хаан ширээгээ Цэвээнравданд булаалгадаг (мэдээж хатан буулгасан хаан хүнийг хэн хувилгаан лам байсан гэж бодохов) энэ мэт өөрөөр төсөөлж байсан болоод ч тэр үү зохиолд Галданг хутагт хувилгаан төдийгүй сайхан залуу гэж бичих нь миний төсөөллийг нураасан юм.Гэхдээ  мэдээж миний төсөөлөлөөр байна гэж юу байхав. Хамгийн гол нь энэ номыг уншаад мэдээгүй зүйлээ мэдэж авсандаа л олзуурхаад байгаа юм.Ану хатангийн төрхөөс аваад нас нөгчих бүхий л зүйлийг харуулдаг ч би Сорхугтани романыг уншсан болохоор ижил энэхүү хоёр хатдуудыг харьцуулаад яагаад ч юм бүү мэд Ану хатанг Домогт хатан болгоод байгаа нь дутагдалтай санагдсан. Яагаад гэхээр миний өчүүхэн бодлоор Сохугтани хатан Чингис хаанаас эхлээд олон хааны нүүр үзэж хаадад төдийгүй өөрийн хөвгүүддээ эх хүний ухаан, холч бодлоороо төр барихад нэлээдгүй тус хийж, мөн түүний эр нөхөр Тулуй хатан Сорхугтанаасаа өөр хатан, татвар авахгүйгээр ганц хатандаа үнэнч амьдарч байгаад ах Өгөдэйн өмнөөс амиа золиослодог. Тэгэхээр гайхалтай эмэгтэй л зөвхөн нөхрийнхөө сэтгэл зүхрийг ганцхан өөртэй татаж чаддаг болвуу гэж бодоод байгаам. Харин Галдан Анутай хайр сэтгэлээр ураг барилдаж байгаа ч хожим нь өөрийн дүүггийн хатан болох Ахайг булаан хатнаа болгодог.  Эсвэл Ану хатангийн талаар бичихдээ төрийн хэрэгт ямар гавъяа байгуулж, ямар бодлого явуулсанаар ямар үр дүн хүрсэнийг нь илүү дэлгэрүүлж бичээгүй болвуу .Мөн түүнийг эх хүний хүвьд давуу зүйл нь үр хүүхдээ төрүүллээд өөрийн сүүгээр бойжуулж, өөрийн гараар хүмүүжүүлсэн гэх нь авууштай санагдсан. Яагаад гэвэл Анугийн эх Доржравдан хатан охиноо төрүүлээд асрагч эхийн сүүгээр бойжуулж өсгүүлж байгаа нь эргээд охиноосоо хол хөндий болж байгаагаар гардаг тиймээс Ану эхийнхээ үрдээ хандах энэ байдлыг өөрөө ч дуурайх гээгүйн нэг бодлоор зөв зүйл юм.
Энэ романд бас нэг жижиг үйл явдал болох Доржравдан хатны шивэгчин Үзмээ,Анугийн ах болох Галдмаа 2-ын хайр сэтгэлийн холбоо эмгэнэлтэйгээр төгсөж байгаагаар гардаг. Үзмээ хөөрхөн хүүхэн боловч өнчин өрөөсөн ядуу барлаг болхоор Галдмаагийн хүүхдийг нууцаар тээдэг ч Доржравдан хатанд баригдаж эцэст нь хүүхдээ зулбуулан өөрөө сэтгэл санааны гүн хямралд орж үлддэг харин хэргийн эзэн Галдмаа хөөрхий хүүхэний тухай юу г ч мэдэлгүй өөрийн язгуур гарал сайтаа хөл хүнд хатнаа төрүүлээд завгүй байдаг. Ямар ч нийгэмд харц ард, ихэс ноёдын гарал угсаанаасаа болоод хайртай хүмүүс хамтран амьдрах хувь дутагддагийг харуулсан бизээ. 
Галданг  Цорос аймгийнхаа хан болоод цаашаа Ойрадын ардыг нэгтгэж, Зүүн улсыг байгуулж өөрөө хаан болно.
Нилээн овоо удирдаад явж байнуудаа гэтэл амжилттай яваад эхлэхээрээ эрэгтэй хүн ямар зан чанар гаргадгуу тэрийг гарган Дүү цэвээнравдангийнхаа хайртай бүсгүй Ахайг бага хатнаар буулгаж авна.. Тэгээд л нөгөө баахан хагаралдаан үүсээд л халх ойрдруу дайрч бас хүчээ багасгаж аваад ядаж байтал манжууд дайраад гал дээр тос нэмэх мэт хагаралдаан байлдаан дэгдэж эхлэн.Тэгээд манжийн гурван бүлэг цэргийн эсрэг цэргээ гурав хувааснаар хүчээ сулруулсан тухай гардаг.Галдан бошигт "Сэтгэлдээ багтааж чадваас их багын ялгаа гэж үгүй" гэж хэлээд дайтна...
Тэгээд дайсны гол хүчинд бут цохигддын даваан дээр Хатан нь дайрч хааныгаа оргуулахад нь туслана.Энэ хэсэгт л Ану хатан дайсныхаа эсрэг байлдаанд нисэх мэт шуугин орж байгаа нь их сайхан санагдсан энэ л баатарлаг хүч Домогт гэж нэрлэх болсонтой холбогдсон байх гэж би бодоод байгаа юм. Эсвэл би Домогт гэхээр төр барихад болон соён гэгээрүүлэх ер нь тэгээд бүх талаараа л нэлээн сүр дуулиантай түүхийг төсөөлөөд түүнд маань хүрээгүйд тэгж санагдсан байж магад. Нэмж хэлэхэд ном уншаад киног нь үзэхэд өөр  өөр сэтгэгдэл төрсөн номон илүү дээр юм билээ. Кино нь мэдээж хураангуйлсан болоод ч тэрүү сэтгэлд хүрээгүй ээ. Мөн киноныхоо хувцаслалт,  ер нь материаллаг талаас нь нэлээд харсан юм шигээ харин киноныхоо үйл явдал агуулга нь зөрөх мэт санагдлаа. Мөн Ахай хатны дүрд тоглосон мисс Бадамцэцэг жүжүглэлт үнэхээр муутайм билээ. Энэ талаар хүмүүс бараг киног алаад хаясан гээд байсан нь үнэний ортой байж мэдах юм. 
Эцэст нь хэлэхэд энэ бол миний л үзэл магадгүй та "Домогт Ану хатан" рамоныг уншаад өөр сэтгэгдэл төрөх ч магад гол нь ийм түүхэн зохиолыг гажуудуулахгүйгээр роман бичнэ гэдэг амар зүйл биш  бичих хэцүү бичсэн хойно нь хэн дуртайн шүүмжлэх амархан байдаг. Миний хувьд шүүмж гэхэсээ илүү өөрийн сэтгэгдэлээ бичлээ.
  

                                                                                                                Б.Туул






No comments:

Post a Comment

Албан байгууллага болон айл гэр, амин орон сууцны бохир, цэвэр усны шугамын /септик/ шийдэл шинээр суурилуулах Сантехник угсралт холболт Сан...