Wednesday, August 28, 2013
Ээж модонд даатгасан хүсэл буюу боомилогдсон мод
МОНГОЛЧУУД БАЙГАЛЬ ЭХЭЭ ШҮТЭЖ ИРСЭН НЬ САЙШААЛТАЙ-
Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатарын ойролцоо орших Ээж модонд очиж хүслээ шивнэлээ. Үнэндээ би иймэрхүү зүйлд итгэхийг хүсдэггүй ч “Ээж модонд шивнэсэн хүсэл маань биелсэн” гэх хүмүүс миний эргэн тойронд цөөнгүй байдаг бөгөөд амралтын өдрөөрөө салхинд гарч Сэлэнгэ аймгийг үзэх хүсэлдээ авсан нь энэ.
Улаанбаатараас 20:30 цагт вагонд суулаа. Өдөржин аяллын бэлтгэл хангасан учраас ороод л нойрондоо дийлдэв. Нэг мэдэхнээ өглөө 05:00 цаг болж “Буух болсон байна шүү” гэх хүмүүсийн чимээгээр сэрлээ. Вагоны дуу, түжир түжир явдлыг эс тооцвол бартаа саадгүй явж Сэлэнгийн вокзал дээр буусан нь тэр. Монголд үүнээс тухтай, хямдхан унаа гэж бараг алга даа.
Галт тэрэгнээс буухад Ээж мод руу явах унаа бэлхэн байх бөгөөд бараг зорчигчдоо булаацалдах янзтай. Биднийг зорьсон газраа хүрэх замд манай жолооч хөтчийн үүргийг давхар гүйцэтгэж ойролцоох сонирхолтой газруудаа тайлбарлаж өглөөний нар, эрүүл байгалийн цэнгэг агаарт хачир нэмэх нь нэн таатай. Магадгүй бид мэдлэгтэй сайн жолоочтой таарсан азтай аялагчид байх.
Бид 5:40 гэхэд Ээж модонд ирлээ. "Ээж Мод"-ыг хадгаар ороож тахисан байх ба өмнө нь идээ будаагаа өрж сүү өргөжээ. Энэхүү хадаг яндар болсон сүрлэг хөгшин модыг дугуй булант цайгаар хашаалж урд талд нь хаалга гаргасан байх юм. Хашаа ч тэр, гол тахилга ч тэр, идээ будаа, хадганд дарагдсан нь Монголчуудын ариун дагшин газартаа ханддаг жишгийг харуулах мэт.
Үнэхээр өвөрмөц тогтоц бүхий моднуудыг хадгаар ороосон нь өлгийдсөн мэт. Бас боомилуулсан мэт. Хөөрхий Ээж мод минь хэдэн давхар ороосон хадгандаа боомилогдож халуунд хөлс нь урсаж суух шиг сэтгэгдэл төрөв. Модыг ингэж хадгаар ороох нь сүсэг бишрэл боловч нэг их сайн зүйл биш бололтой. Ингэж ороосноор модны ургалт зогсож хатаж хорчийдгийг мэргэжлийн хүмүүс нь хэлдэг. Тиймдээ ч саяхан овооны тахилга цэвэрлэх үйл ажиллагааг нэгэн төрийн бус байгууллага өрнүүллээ. Уг нь нэлээд алсуур хамгаалалт хийгээд эмх замбараатай очоод хүсэлтээ шивнэчихвэл болмоор юм шиг санагдсан.
Мөргөлчдийн өргөсөн идээ ундаанд ноход найрлаж харагдана лээ. Бас л нэг сонин мэдрэмж. Энэ байгалийн хууль, зохицол уу? Энэ нь нэг бодлын хүндлэл шүтлэг боловч яг үнэндээ байгаль дэлхийгээ бохирдуулж байгаа хэрэг. Эрт үеэс уламжлагдсан энэ ёс заншлаа буруутгах гэсэнгүй. Харин дээдлэн шүтэж байгаа бол орчин тойрныг нь цэвэрхэн байлгаасай... Гэхдээ “Сайн санаат хүмүүс цэвэрлэдэг юм” гэж жолооч ахын ярихыг сонсоод жаахан уужрав. Хэрэв сайн санаат хүмүүс цэвэрлэдэггүй бол Ээж модонд гийчид өдөр бүр тасралтгүй ирж, хогоор дүүрэх юм шиг санагдсан.
Хэдийгээр байгаль орчны асуудал нь санааг минь зовоосон ч тэр үед сүсэг бишрэл муутай надад “Хүслээ шивнэвэл биелэх байх” гэсэн итгэл эрхгүй төрсөн нь сонин. Магадгүй Ээждээ чин сэтгэлээсээ залбирч байгаа хүмүүсийн итгэл, тэдний зан үйл надад нөлөөлсөн биз.
Хүслээ шивнэх гол ажлаа амжуулсан манайхан Орхон голын эрэгт орших Сэлэнгэ аймгийн төвийг үзэхээр хөдөлсөн юм. Манай хөтөч жолооч Сэлэнгийн Гэрэлт цамхагт хүргэж өгөв. Тэндээс ойролцоох орчин үнэхээр сайхан харагдах бөгөөд “Цэвэрхэн хот” гэх бодол аяндаа толгойд оров.
Өндрөөс хотыг тольдсон бид нутгийн сайхан үнэртэй брэнд том талх, загасыг нь худалдаж аваад 12:00 цагаас хөдлөх автобусандаа яаран суулаа. Хот руу явах замдаа Дархан хотоор дайраад амжив.
Бага зардлаар жижигхэн аялал хийж сэтгэл хангалуун ирснээ энд хэлэх нь зүй. Та гэсэн амралтынхаа өдрөөр хүслээ шивнэж, амтат талх, загасыг нь амтлаад үзээрэй. Энд нэг зүйлийг нэмж хэлэхэд хэрэв та Ээж мод рүү очвол бишрэлийн шинжтэй зан үйлээ үйлдэхдээ хог тарихгүй байвал хүсэл тань улам биелэх юм шиг санагдсан.
Subscribe to:
Post Comments (Atom)
Албан байгууллага болон айл гэр, амин орон сууцны бохир, цэвэр усны шугамын /септик/ шийдэл шинээр суурилуулах Сантехник угсралт холболт Сан...
-
Төрөх ба үхэл хоёроор бүх амьд биет хашигдсан. Гэхдээ амьд биетүүд дотор хүн л зөвхөн үхнэ гэдгээ мэддэг. Хүн нь Латинаар Homo sap...
-
....Ану Хатны талаар багадаа түүхийн хичээл дээрээсээ л Ойрадын зүүн гарын хаан Галдан бошигтын хатан гэгэхээс өөр төсөөлөлгүй одоог хүрт...
-
Өмнө нь Хүн гэж юу бэ? гэсэн асуултанд өчүүхэн ч гэсэн хариулахийг зорьсон билээ. Хүн бол улс төрийн, биологийн, сэтгэлзүйн, нийгмийн амь...
No comments:
Post a Comment